Нэг л намар чи хорвоог орхиж одно /…/


Залуу насыг задгай мөнгө шиг бүү үр
Залуу насыг замын хүн шиг бүү өнгөрүүл
Залуу насыг зангирсан нулимс шиг бүү орхи
Залуу насыг зангидсан гар шиг өөдрөг үлдээ
Ай залуу минь залхуурч хэвтэхээ боль
Архайж суусаар байтал нас чинь талийж гүйцнэ
Нэг л мэдэхэд чи өрх толгойлох болно
Нэг л намар чи буурал өвгөн болно

Яая даа гэж дэмий бүү сэлгүүц
Ямар нэг зүйл хийхийг сэтгэлээсээ оролд
Болохгүй юм байна гэж шуудхан бүү шантар
Болгох талаас нь түүнийг олон янзаар оролд
Хийсэн ариун үйлс чинь чамд аз жаргал авчирна
Хэлсэн гэгээн үгс чинь бусдад урам хайрлана
Сэдсэн өөдрөг санаа чинь чамд амьдрал авчирна
Сэтгэл татам ааш чинь охидод дурлал зөгнөнө

Ай залуу минь залхуурч хэвтэхээ боль
Архайж суусаар байтал нас чинь талийж гүйцнэ
Нэг л намар чи өрх толгойлох болно
Нэг л намар чи буурал өвгөн болно

Ус гэдэг зүйл тархинд чинь байхгүй л юм бол
Урагшлах дэлхий ертөнцийг сайн харж үзээч
Унтах нойрон дундах уйтгартай зүүд шиг амьдралаас
Ухаан бодлоо хөвчилж урам зоригтой салаач
Зорьсон үйлс бүхэндээ сэтгэл өөдрөг бай
Зовлон жаргал бүрт эргэж хөрвөж сур
Зөн билгийн увдисанд бага гэлтгүй найд
Зөрчил тэмцлийн дүнд ариун үйлсээ бүтээ
Ай залуу минь залхуурч хэвтэхээ боль
Архайж суусаар байтал нас чинь талийж гүйцнэ
Нэг л мэдэхэд чи өрх толгойлох болно
Нэг л намар чи буурал өвгөн болно

Ээж аавынхаа олсон хэдэн төгрөгөөр
Эрээн бараан болтлоо ууж болно
Элдэв дээдийн гоёлоор гоёж болно
Энэхэн дэлхийг тойрон тэнэж болно
Гагцхүү чи өөрийн гэсэн бодолтой бай
Гар хумхин суулгүй бүхнийг хийж сур
Бусдын гэмийг уучлаад өрөвдөн хайрлаж сур
Буян хийсэн хэнийг ч өргөн тэтгэж асар
Ай залуу минь залхуурч хэвтэхээ боль
Архайж суусаар байтал нас чинь талийж гүйцнэ
Нэг л мэдэхэд чи өрх толгойлох болно
Нэг л намар чи хорвоог орхиж одно

Өөрийн биений өчүүхэн гэлтгүй орон зайг
Өрөөлөөс ялгагдах авцтай нь хамт орчлонд үлдээхээ сана
Өөрийн нэрний богинохон гэлтгүй шударга алдрыг
Өнгөнд ч дарагдахгүй цуутай нь хамт хорвоод орхихоо бод.

Жич: Энэхүү шүлгийг би оюутан байхдаа тэмдэглэж авч байсан юмаа. Харамсалтай нь зохиогчийн нэрийг бичиж аваагүй байна. Дуртай шүлгүүдийн маань нэг байгаа юм. Интернэтээс энэхүү шүлгийн талаар хайсан боловч олж чадсангүй. Зохиогчийн нэрийг мэдэж байгаа хэн нэгэн байгаа бол бидэнд comment -ээр үлдээгээрэй.

Published by

mARKS

Quietly I will endure Silently I will suffer Patiently I will wait For I am a warrior And I will Survive

Leave a comment