Д. Цоодол “Эхийн захиас” шүлэг


Уулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал
Миний хүү

Өчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү
Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү
Миний хүү

Аав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм
Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа
Миний хүү

Өөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана
Миний хүү

Наадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд
Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай
Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь
Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай
Миний хүү

Усан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн
Миний хүү

Зуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ
Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ
Миний хүү

Хол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх
Миний хүү

Урих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ
Миний хүү

Халуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ
Миний хүү

Өдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно
Миний хүү

Хөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан
Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан
Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ
Миний хүү

Гариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв
Миний хүү

Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ
Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ
Миний хүү

Тоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий
Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай
Миний хүү

Тавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай
Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай
Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай
Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай
Миний хүү

Арын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв
Миний хүү

Чамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө
Миний хүү

One Response to Д. Цоодол “Эхийн захиас” шүлэг

  1. Anonymous says:

    Сайн байна уу та, сайхан шүлгийг тань ахин дахин уншиж буурал ижийнхээ хэлж байсныг санан санан мэлмэрлээ. Энэ шүлгийг охин чин уншаагүй бол мэдэхгүй л өнгөрөх байжээ. Нас хэвийж буй би үр ачдаа бас л бага юм мэдүүлжээ гэж бодоход хүргэлээ. Танд баярлалаа. Урт удаан энх тунх наслахыг хүсье. Хүндэтгэсэн Н. Чулуунаа

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: